СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭНХИМ 2010
Тэнхимийн түүхээс:
Сургуулийг үүсгэн байгуулагч, эрдэмтэн, зохиолч С.Батмөнх нь сэтгүүлч мэргэжилтэй байсан бөгөөд мэдээллийн нийгмийн шинэ эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлага урган гарсныг мэдэрч, 1995 онд Сэтгүүл зүйн ангийг шинээр нээснээр тэнхимийн түүх эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийт 9 удаагийн төгсөлтөөр 300 гаруй сэтгүүлчийг бэлтгэн гаргаад байна. Энэ 2008 онд арав дахь төгсөлт маань болов. Сэтгүүл зүйгээр мэргэжсэн боловсон хүчин бэлтгэх нь анхнаасаа манай сургалтын чухал чиглэлүүдийн нэг байсаар ирсэн. Тус тэнхим нь сэтгүүл зүйн сургалтын чанарыг сайжруулж, сонин, сэтгүүл, радио, телевизийн сургалтыг практик амьдралтай нягт холбох, ирээдүйн сэтгүүлч боловсон хүчинд олгох онолын мэдлэгийг дэлхийн түвшинд хүргэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байна. Тэнхимийн багш нараар эрдэмтэн зохиолч, сэтгүүлч, доктор профессор С.Батмөнх, доктор, профессор Н.Даваадорж, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, СГЗ Ц.Дашдондов, доктор, профессор Ю.Эрдэнэтуяа, нэрт сэтгүүлч Д. Цэрэнжав, доктор, профессор, СГЗ М. Зулькафиль, ахмад сэтгүүлч М.Чойжил, МҮОНР-ийн “Хөх тэнгэр” радио станцын захирал, доктор Л.Амарзаяа, сэтгүүлч У.Сарантуяа, МонЦаМэ агентлагийн тоймч Н.Даваажав ажиллаж байжээ.
Төгсөгчид:
Тус сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, сэтгүүлч мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх сургалтын чанараараа тэнхим тэргүүлж байна. Сэтгүүл зүйн тэнхимээс төрөн гарсан олон сэтгүүлч төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад өөрийн гэсэн зам мөрөө гаргаж, амжилттай ажиллаж байгаа нь тэнхимийн төдийгүй сургуулийн бахархал болж байдаг юм. Тухайлбал: Хүний эрхийн төлөө өргөмжлөлт, 2001 оны шилдэг сэтгүүлч Г.Уянга, 2002 оны шилдэг эдийн засагч-сэтгүүлч А.Баатархуяг, “Өнөөдөр” сонины 2003 оны шилдэг сэтгүүлч И.Отгонжаргал, “Өнөөдөр” сонины 2003 оны шилдэг фото-сурвалжлагч Э.Харцага, Монголын олон нийтийн радиогийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Бат-Орших, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор Л.Ариун, нарыг дурдаж болох юм.
Тэнхимийн онцлог, давуу тал
Тэнхимийн онцлог нь хэвлэлийн дизайны хичээлд компьютерын сүүлийн үеийн программуудыг ашигладаг бөгөөд компьютерийн болон интернетийн лабораторид нийт 4 жилийн турш оюутнууд дадлагажин ажилладаг давуу талтай. Мөн сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг бусад их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт байгаагүй “Хэвлэлийн сэтгүүл зүй”, “Бүтээлч сэтгэлгээ”, “Иргэний нийгэм” зэрэг цоо шинэ хөтөлбөрийг боловсруулж оруулсан нь манай тэнхимийн нэг онцлог юм.
Монголын нээлттэй нийгэмлэг (Соросын сан)-ээс 2002 онд сэтгүүлзүйн сургалт эрхэлдэг улсын болон хувийн их, дээд сургуулиудын дунд зарласан сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, боловсронгуй болгох тендерт тус тэнхим шалгарч, төсөл хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд энэ хүрээнд таван багш АНУ, ОХУ-ын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Сургуулийн эрдэм шинжилгээний бичгийг жил бүр хэвлэн гаргадаг бөгөөд “Их Монгол” цувралаар манай багш нарын бүтээл, тухайлбал: Х.Цэвлээгийн “Миний сэтгүүл зүй”, М.Баяртогтохын “Дэлхийн сэтгүүл зүйн түүхийн товчоон”, С.Дэлгэрмаагийн “Хэвлэлийн дизайны программууд”, М.Дэлгэрцэцэгийн “Телевиз” зэрэг ном хэвлэгдэн гараад байна.
Оюутнууд III дамжаанаас сонины газар, төгсөх жилдээ хоёр сарын хугацаанд Монгол орны хот, хөдөөгийн радио, телевизэд дадлага хийж материалаараа тайлан үзэсгэлэн гаргадаг заншил тогтсон. Мөн тэнхимээс оюутнууд “Оюутны хүрээлэн” сониныг бэлтгэн гаргадаг уламжлал тогтсоноор арав гаруй жил болж байна.
2005 оны эхээр 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй Радио, телевизийн мэргэжлийн студийг байгуулан ажиллуулж байна. Сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнууд хичээл дээр үзсэн онолоо практиктай хослуулан сурах боломжтой юм. Мөн студийн дэргэдэх радио узелээр цаг үеийн мэдээ мэдээлэл, дуу хөгжмийг нэвтрүүлж, оюутнууд өөрсдийгөө хөгжүүлж байна. Одоо тус тэнхимд 100 гаруй оюутан амжилттай суралцаж байгаа болно. Мөн гурван оюутан суралцах хугацаандаа эзэмшиж буй мэргэжлээрээ бие даасан ном бүтээл гаргасан нь олзуурхууштай зүйл болов.
Сэтгүүл зүйн сургалт явуулж буй мэргэжлийн чиглэлүүд
- Олон улсын сэтгүүлч,
- Хэвлэлийн сэтгүүлч,
- Радио телевизийн сэтгүүлч зэрэг нь бакалавр,
- Сэтгүүл зүйн ухааны магистр гэсэн 2 шаттай болно.
МОНГОЛ ХЭЛ-УРАН ЗОХИОЛЫН ТЭНХИМ
Тэнхимийн түүхээс
Монгол хэл уран зохиолын тэнхим нь 1992 онд байгуулагдсан, мэргэжлийн ууган тэнхим юм. Энэ хугацаанд нийтдээ 11 удаагийн төгсөлтөөр 280 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Анх утга зохиолын мэргэжлийн судлаач, зохиолч бэлтгэхэд үндсэн зорилго чиглэж байсан бол 2000-2001 оны хичээлийн жилээс монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжлээр оюутан элсүүлж, сургалт заах аргын өөр шатанд шилжсэн юм. Тэнхимийн анхны багш болох Монгол Улсын төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамба, Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн яруу найрагч, доктор профессор Ч.Дагвадорж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат ажилтан, доктор, профессор Л.Хүрэлбаатар, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, гавж Ш.Сонинбаяр ажиллаж байжээ.
Тэнхимийн онцлог, давуу талууд
Тэнхимийн онцлог, давуу тал нь зөвхөн монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ суралцагчдын уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд давхар анхаардаг. Тэнхимийн одоогийн багшлах бүрэлдэхүүн 100% эрдмийн зэрэг, цолтой. Их, дээд сургуульд олон жил ажилласан туршлага бүхий мэргэжлийн баг бүрдээд байна. Монгол хэл-уран зохиолын сургалтанд нэвтэрч буй орчин үеийн шинэ аргуудыг сургалтдаа уян хатан, хурдан шуурхай нэвтрүүлдэг.
Тэнхимийн багш нар зөвхөн өнгөрсөн 2006-2007 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээний өгүүлэл 16 , нэг сэдэвт бүтээл 4-ийг бичиж хэвлүүлжээ.
Тухайлбал: багш П.Батхуягийн “Яруу найргаар ярилцахуй”, багш, Т.Нармандахын “Монгол хэлний хөндлөнгийн өгүүлбэрийн бүтэц, тогтолцоо”, багш Д.Батбаярын “ Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц “ зэрэг судалгааны бүтээлүүд хэвлэгдэн гарсан байна. Оюутнууд 3-р дамжаанаас ЕБС-уудад танилцах дадлага, төгсөх жилдээ багшлах дадлага хийж дадлагын тайлан хамгаалж тогтсон. Одоо тус тэнхимд 100 гаруй оюутан амжилттай суралцаж байна.
Бусад их, дээд сургуулийн ижил мэргэжлийн тэнхимүүдийн ажлын дэвшилтэт арга хэлбэрүүдээс суралцах, санал бодлоо солилцох, хамтран ажиллах зэрэгт анхааран ажилладаг юм.
Тэнхимийн төгсөгчид
Ажил мэргэжилдээ эзэн болж, хийж бүтээсэн зүйлээрээ олонд танигдсан цөөнгүй боловсон хүчин манай тэнхимээс төрөн гарчээ. Тухайлбал : Улаанбаатар телевизийн редактор сэтгүүлч, яруу найрагч Б.Хишиг-Ундрал, МОНЦАМЭ агентлагийн АНУ-д суугаа төлөөлөгч, зохиолч Б.Номинчимэд, Өдрийн сонины сэтгүүлч, яруу найрагч Н.Пагма, Өнөөдөр сонины сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Эмүжин, УбИС-ийн багш доктор, МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа, МҮОНРТ-ийн программын хэлтсийн ажилтан, МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт, жүжгийн зохиолч Б.Батрэгзэдмаа, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, доктор П.Батхуяг, Монголын радиогийн “Хурд” агентлагийн зохицуулагч редактор, яруу найрагч А.Байгальмаа зэрэг авъяаслаг сэтгүүлч, яруу найрагч, зохиолчдоос гадна олон арван багш нарыг төрүүлэн гаргаснаараа бахархдаг.
ТҮҮХ-НИЙГЭМ, ОРОН СУДЛАЛЫН ТЭНХИМ
Тэнхимийн түүхээс
1996 онд Ази судлалын чиглэлээр оюутан элсүүлж үндэс сууриа тавьсан юм. 2000-2004 онд нийт 95 хүнийг Түүх-нийгэм судлалын багш, Ази-судлаач мэргэжлээр төгсгөж, 2004 оноос сургалтын элсэлтийн чиглэл нэмэгдсэнээр Түүх нийгэм - Орон судлалын тэнхим хэмээн өргөжиж Түүх, Нийгэм судлалын багш, Япон хэлний багш, орчуулагч, Англи хэлний багш, орчуулагч, Түүх аялал жуучлалын чиглэлүүдээр оюутан элсүүлж, бакалаврын зэрэгтэй төгсгөж байна. Эдүгээ тус тэнхимд 200 гаруй оюутан эрдэм номд шамдан суралцаж байна. Тэнхимийн сургалт,эрдэм шинжилгээний ажлыг өндөр боловсрол, нэр хүндтэй эрдэмтэд, мэдлэг чадвар бүхий залуу багш нарын бүрэлдэхүүн явуулж байна. Тус тэнхимийн үндсэн болон зөвлөх 14 багшийн дотор академич 1, доктор профессор 1, доктор, дэд профессор 3 байна.
Тэнхимийн гол зорилго
Мэргэжлийн өндөр хийгээд хөрвөх чадвартай, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшсэн, нийгэмдээ үйлчлэх чадварлаг мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.
Тэнхимийн зорилт
- Орчин үед дээд боловсролын сургалтанд тавигдаж байгаа шаардлага, сургалтын чанарт нийцүүлэн сургалтын агуулга хэлбэрийг улам чанаржуулах
- Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тусалж, дэмжих,
- Мэргэжлийн ёс зүйг өндөрт өргөх,
- Суралцагчдын бие даасан байдлыг нэмэгдүүлэх, тэдэнд сурах таатай орчинг бүрдүүлэх
Эрдэм шинжилгээний ажил
Тэнхимийн багш, оюутнууд өөрийн сургуулийн болон бусад сургууль, байгууллагын эрдэм шинжилгээний хуралд тогтмол илтгэл хэлэлцүүлдэг.
МУИС, МБИС, Японы элчин сайдын яам, Япон - Монгол төв, Монгол - Японы түншийн холбоо нийгэмлэг, Монгол дахь Япон залуучуудыг дэмжих холбоо, Монгол-Японы найрамдлын нийгэмлэг, Хөвсгөл Бива нуурын хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы Шига мужийн их сургууль /БОДС/ болон бусад олон нийтийн байгууллагуудтай хамтран ажилладаг.
Тэнхимийн багш нар эрдэм шинжилгээний бүтээл туурвил, эрдмийн зэрэг цолоо ахиулах бололцоогоор бүрэн хангагддаг. Тухайлбал Б. Батбаатарын “Иргэний нийгэм” хичээлийг зааж байгаа товч мэдээлэл /илтгэл 2002 он/, мөн түүхийн сургалтын шинэчлэлт, хэрэгжүүлэх арга зам үр дүнгийн тухайд /2004 он/, Р. Баттогтохын “Японы даатгалын тухай хууль” /орчуулга 2006 он/, “Япон хэлээр оюутнуудад бичих дадлага олгох сургалтын арга зүй” /илтгэл 2007 он/, Э.Дугарцэцэг “Сонины хэл найруулга дахь харь үгийг хязгаарлах нь” /өгүүлэл 2007 он/ Э. Хишигбаяр “Морин аялал зохион байгуулах арга зүй” /илтгэл 2007 он/, П.Отгонтуул “Тал хээрийн бүс нутгийн газрыг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбороор мужлах нь” /өгүүлэл 2007 он/ зэрэг бүтээлийг дурдаж болно.
Тэнхимийн онцлог давуу тал
- Сургалт эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай ахмад болон залуу багш нар хамтран ажиллаж байгаа
- Оюутнууд 4 жилийн турш Англи, Япон, Солонгос, Хятад хэлийг сонгон суралцах, компьютерт дадлагажих , улс орнуудын ард түмний түүх, соёл, зан заншлыг сурталчлах боломжтой.
- Англи, Япон хэлний багш орчуулагчийн чиглэлээр суралцагч оюутнууд ИМДС болон ТНОСТ-тэй хамтран ажилладаг байгууллагуудад дадлагажих бололцоотой,
- Багш оюутны эрдэмжих түвшинг байнга дэмжиж, судалгаа шинжилгээний ажлыг хөхүүлэн сайшаадаг.
- Дотоодын эрдэмтэн, судлаач багш нараас гадна, Англи хэлний ярианы багш Австрали улсын иргэн Трокас Дирдре Сидней, Япон улсын иргэн Япон хэлний ярианы багш Анзай Наоко гадаад хэлний хичээлийн ярианы дадлагыг заадаг нь тэнхимийн сургалтанд зохих үр дүнгээ өгсөөр ирсэн.
- Аялал жуулчлалын салбарын багш оюутнуудын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудаас шалгарч “Аялал жуулчлалын шилдэг сургууль” өргөмжлөл хүртсэн
- Түүх, аялал жуучлалын оюутны дадлагыг “Асралт”, “Горхи-Тэрэлжийн” чиглэлд явган болон суурин хэлбэрээр явуулж байна. Мөн Дорноговь аймгийн “Хамарын хийд”, “Хагийн хар нуур”, Дундговь аймгийн “Бага газрын чулуу”, “Сүм хөх бүрд”, БНХАУ-ын -Бээжин, Хятадын цагаан хэрэм, Номхон далай, Шар тэнгис зэрэг газарт аялалын маршрут зохион байгуулж байна.
- Тэнхимийн суралцагч нар курс тус бүрдээ мэргэжлийн танилцах болон хээрийн дадлагыг хийж гүйцэтгэдэг,
Тэнхимийн төгсөгчид
Тус тэнхим нь 8 удаагийн төгсөлтөөр 160-аад мэргэжилтэнг бэлтгэн гаргаад байна. Тэд Монгол улсынхаа өнцөг булан бүрт төр нийгэм, урлаг соёл, хүмүүнлэг, боловсролын чиглэлээр амжилттай ажиллаж байна. Тухайлбал “Сарны чулуу чуулга”-ын хөөмийч, морин хуурч Ч.Бат-Оюун, Үндэсний төв архивын судлаач, МУИС-ийн түүхийн ухааны докторант Г.Сэр-Од, “Мөнхийн үсэг” ХХК-ний мэргэжилтэн Б.Отгончимэг, Дорноговь аймгийн Мандах сумын захиргааны мэргэжилтэн Б.Шижир, Эрдэнэт хотын 11 жилийн 14-р сургуулийн багш О.Эрдэнэболд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 10-н жилийн багш Л.Мөнх-Очир, Говь-Алтай аймгийн Цогт сумын ЕБС-ын багш Т.Энхмаа, Сүхбаатар аймгийн ЕБС-ийн сургалтын менежер Ц.Ганбаатар, мөн Япон хэлний 2005 оны анхны төгсөгчдөөс ИМДС-ийн Япон хэлний багш О.Оюунбилэг, Гурван-Тамир дунд сургуулийн Япон хэлний багш Сарантуяа, Монгол дахь Япон залуучуудыг дэмжих холбооны мэргэжилтэн Баярмаа нарын төгсөгчдийг нэрлэж болно.